| |
Видео
Шинэ мэдээ
“Тархины гимнастик” буюу ой ухаан сайжруулах 6 дасгал
Тархи нь булчингийн хөдөлгөөнийг удирддаг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан билээ. Мөн туршилтаар булчингийн хөдөлгөөн нь тархиа "сургадаг” гэсэн эргэх хамаарлыг ч бага зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг байна. Бяцхан хүүхдийнхээ тархийг зөв зохистой хөгжүүлье гэвэл түүний хөдөлгөөнийг аль болох хориглохгүй байх нь зүйтэй юм. Чухамдаа ийм учраас тэд нар мөлхөх, хуруугаа хөдөлгөх, босохыг оролдох эсвэл унах гэх мэтийн хөдөлгөөнийг хэдэн цагаар ч хийж чаддаг байх нь…
Явах, зажлах гэх зэргийг үгээр тайлбарлан зааж сургах нь үнэхээр боломжгүй зүйл. Хүний бие ямар нэгэн зүйл хийхийг оролдож, харин тархи түүнийг мэдрэн булчингуудыг удирдан дадлыг тогтоодог байна. Тийм дасгал сургуулилт нь хүний тархинд тэдэнгүйгээр хүн цаашид юунд ч суралцаж чадахгүй тийм холбоосууд үүсгэдэг.
АНУ-ын Калифорни хотын эрдэмтдийн боловсруулсан "Brain Gym” буюу тархины гимнастикийг та бүхэнд танилцуулж байна. Энэхүү гимнастикийг ямар нэгэн зүйлд суралцах чадвар дутмаг хүүхэд, мөн насанд хүрэгчдэд зориулжээ. Өнөөдөр энэ гимнастикаар оюуны болон сэтгэн бодох чадвар нь сул байна гэж өөрийгөө үнэлж буй насанд хүрэгчид өргөнөөр хичээллэж байна.
Та дасгалыг тогтмол хийснээр зөвхөн тархины төдийгүй бие бялдрын хувьд таатай мэдрэмжийг мэдрэх болно.
-Гимнастик ямар үр дүнд хүргэх вэ?
-Ой ухаан, анхаарлын төвлөрөлт сайжирна.
-Сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.
-Өөртөө илүү итгэлтэй ярьж чаддаг болно.
-Хөлөлгөөний тэнцвэр зохицуулалтын мэдрэмж хөгжинө.
-Ажилдаа урьдынхаас илүү бүтээлч хандана.
Дасгал 1. Энэ дасгал нь өөртөө итгэлтэй ярьж чаддаг (жишээ нь: ямар нэгэн хурал, цуглаан дээр) болоход тусална. Тэнцвэрт байдлыг сайжруулна.
Хийх дараалал: Нүдээ аниад, амаа том ангайгаад эвшээнэ. Яг ингэж байх үедээ эрүүний дээд болон доод цэгүүдэд хурууныхаа өндгөөр иллэг хийнэ. Удаан бас дуутай эвшээхийг хичээх хэрэгтэй. 3-6 удаа давтана.
Дасгал 2. Энэ дасгал нь бодол санаагаа амаар болон бичгээр бүтээлчээр илэрхийлэхэд тусална. Уг дасгал нь хүний хэл яриа, бүтээлч сэтгэлгээ, харилцааг хариуцдаг тархины хэсгийг идэвхжүүлдэг байна. Мөн хөдөлгөөний чиг баримжааг сайжруулдаг.
Хийх дараалал: Сандлын түшлэг дээр гараа тавина. Хоёр хөлдөө урагш хойш алхаж буй мэт байрлал авна. Урд хөлөн дээрээ хөнгөхөн даралт өгч бүх биеэрээ урагш тэмүүлнэ. Биеийн бүх ачааллыг хөлнийхөө уланд чиглүүлнэ. Дараа нь биеэ алгуурхан хойш болгож бүх жинг хойд талын хөлөнд шилжүүлнэ. Хөлний ул шаланд хүрч урд байгаа хөлний хуруунууд өргөгдөнө. 3-6 удаа давтана. Нөгөө хөлөөрөө ээлжлэн хийнэ.
Дасгал 3. Логик сэтгэлгээгээ үр дүнтэй ашиглах, математикийн бодлогыг хурдан бодох цаашилбал хамт олны дунд ажлыг зөв зохион байгуулахад энэ дасгал нөлөөлдөг. Түүнээс гадна гэдэсний булчинг хөгжүүлдэг.
Хийх дараалал: Шалан дээр хэвтээд өвдгөө нугалан хөлнийхөө улыг шаланд хүргэнэ. Гараа толгойныхоо ард салаавчилна. Гараа толгойноосоо салгахгүйгээр нэг өвдгөн дээрээ хөнгөн тулж биеэ эргүүлнэ. Ингэхдээ биеэ диагональ байдлаар хөдөлгөнө. Өөрөөр хэлбэл, зүүн тохойг баруун өвдөгтэй харин баруун тохойг зүүн өвдөгтэй холбоно. Баруун зүүн тал руугаа ээлжлэн 3-6 удаа хийнэ.
Дасгал 4. Энэ дасгал нь тайзан дээр жүжиглэх, тэмцээн уралдаанд оролцох, шалгалт өгөх зэрэгт тусална. Хөдөлгөөний нарийвчлалыг дээшлүүлдэг.
Хийх дараалал: Нүд ба духны хооронд байдаг хонхорхойг тэмтэрч олоод хоёр гарынхаа хурууны өндгөөр 30-60 секундын турш хөнгөн дарна. 3-4 удаа давтан хийх хэрэгтэй.
Дасгал 5. Энэ дасгал нь орон зайн зохицуулалтын мэдрэмжийг сайжруулдаг. Жишээ нь: өөр гал тогоонд хоол бэлдэх, эсвэл урьд нь очиж үзээгүй газарт зочлон хэдэн өдрийг өнгөрөөх гэх мэтийн нөхцөлд сэтгэл тавгүйтлийг мэдрэхгүй гэсэн үг. Мөн биеийн хөдөлгөөний тэнцвэртэй байдлыг хангадаг.
Хийх дараалал: Хуудас цаас аваад хоёр гартаа барин даллана. Энэ дасгалыг мөн зогсоо байдалтайгаар зөвхөн сарвуугаараа төдийгүй, тохой бас мөрөөрөө хөдөлгөж хийж болно.
Дасгал 6. Энэ дасгал нь таны оюун бодлоо цэгцэлж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, ой ухаанаа сайжруулахад тус болно.
Хийх дараалал: Зүүн гараараа баруун мөрөө барьж булчингуудаа тэмтэрнэ. Мөн энэ тал руугаа толгойгоо эргүүлж баруун мөрөө давуулан харна. Амьсгалаа гүнзгий авна. Эрүүгээ өргөхгүй, бас буулгахгүй нэг түвшинд барьж толгойгоо зүүн мөр лүүгээ эргүүлнэ. Мөрөө давуулж харахыг хичээх хэрэгтэй. Буцаад бэлтгэх байдалд орно. Эрүүгээ цээж рүүгээ шахаж, амьсгалаа гүнзгий гаргаж бүх биеэ суллана. Хоёр тал руугаа тус бүр 3 удаа давтана.
Эх сурвалж:emch.mn