| |
“Эрдэнэт”-ийг тойрсон анхаарал татсан үйл явдлууд
Монгол Улс саалийн ганц үнээтэй. Тэр үнээ нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч гол хүч байсаар ирсэн. Монголчуудыг зуун дамнан тэжээж ирсэн буян нь дэлгэрсэн "үнээ”-ний ашиг шим хэрхэн буруу гараар орсон тухай мэдээлэл энэ өдрүүд дуулиан дэгдээж байна.
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан байж болзошгүй гэв
Долоо хоногийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосон схемыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олонд дэлгэлээ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар "Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” гэсэн юм. Мөн "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасан гэдгийг мэдэгдэв.
Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нарыг мягмар гарагт саатуулж, лхавга гарагт суллалаа
Эрүүгийн цагдаагийн газраас мягмар тусгай ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг дуудаж, байцаалт авсан юм.
Гэвч Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин өчигдөр буюу лхагва гарагт нарыг суллажээ. Шүүхээс тэднийг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэднийг суллах "даалгавар”-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өгсөн гэх мэдээлэл байна.
Онцгой байдал тогтоож, "Эрдэнэт” үйлдвэрийн санхүүг шалгана
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй, санхүүгийн зарим материалуудад шалгалт хийхээр болов. Улмаар Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан.
"Эрдэнэт”-ийн албан тушаалтнуудыг чөлөөлж, өрөөг нь битүүмжиллээ
"Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоох тухай 91 дүгээр тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг "Эрдэнэт” үйлдвэрт очиж танилцууллаа.
Ажлыг хэсэг эхний ээлжинд "Эрдэнэт” үйлдвэрийн есөн өрөөг битүүмжилж, "Эрдэнэт” үйлдвэрт халаа сэлгээ хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Энэ хүрээнд "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал тушаал гаргаж, бүтэц зохион байгуулалтыг баталсан байна.
Тушаалаар "Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хангамжийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэдний өрөөг мөн битүүмжиллээ.
П.ГОО
Оллоо.мн