![]() |
Г.Занданшатар: Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя
Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.
Засгийн газрын хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Мөн тэрбээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Уулзалтаар МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ.
