|
Видео

Шинэ мэдээ

АНУ Персийн булан дахь цэргийн хүчээ зузаатгалаа

АНУ Персийн булан дахь цэргийн хүчээ зузаатгалаа

Пентагоны тал Агаарын цэргийн нисэх хүчний байлдааны болон цэргийн тээврийн онгоцынхоо Персийн булан дахь нислэгийн тоог өнгөрсөн долоо хоногт эрс нэмэгдүүлсэн талаар олон улсын хэвлэлүүд баттай эх сурвалжаас эш татан мэдээлж байна. Зарим эх сурвалжид дурдсанаар, АНУ-ын цэргийн тээвэрлэгч онгоцууд Синайн арал дээгүүр Персийн буланг чиглэн нисчээ. Улмаар бүс нутагт цэрэг болон цэргийн зэвсэг техникээ буулгаж эхэлжээ. Тодруулбал, АНУ-ын Батлан хамгаалах яам Персийн булангийн бүс нутаг руу "The Sullivans” эсмин зөөгч хөлөг онгоцоо илгээсэн байна. Пентагон Сирийн талд шаардлагатай тохиолдолд цохилт өгөх зорилгоор тавцан дээрээ байлдааны зориулалт бүхий 56 далавчит пуужин бүхий цэргийн хөлөг онгоцыг Персийн булангийн бүс нутагт шилжүүлэн байршуулснаас гадна Катар дахь "Эль Удейд” агаарын баазад "агаар-газар” ангиллын 24 далавчит пуужин бүхий стратегийн "B-1B” бөмбөгдөгч онгоц нэмж илгээсэн болохыг цэргийн шинжээчид онцоллоо. Персийн булангийн Кувейт, Бахрейн, Катар, Арабын нэгдсэн Эмират болон Оман улсад АНУ-ын Агаарын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн хүчний томоохон баазууд байрладаг.

Пентагоны энэхүү цэргийн шилжилт хөдөлгөөн нь Иран болон Сирийн эсрэг хийх довтолгоондоо бэлтгэж байгаа үйл явдал гэж олон улсын тоймчид дүгнэж байна. Харин Ираны тал Ормузын хоолой болон Персийн булан дахь цэргийн хүчээ байлдааны бэлэн байдалд орууллаа гэж Тегераны хэвлэлүүдэд АНУ ПЕРСИЙН БУЛАН ДАХЬ цэргийн хүчээ зузаатгалаа бичжээ. Хэрэв АНУ-ын хүчин Ираны талд ямар нэгэн өдөөн хатгасан ажиллагаа явуулбал бид цэргийн цохилт өгөх болно гэж "Пресс ТВ” уламжиллаа.

ПЕРСИЙН БУЛАН- СИРИД ЦОХИЛТ ӨГӨХ ТҮШИЦ ГАЗАР

Вашингтоны эрх баригчид ийнхүү Персийн булангийн бүс нутагт цэрэг армийн хүчээ зузаатгаж байгаад Оросын тал таагүй хандаж байгаагаа илэрхийлжээ. Оросын Батлан хамгаалах яамны албаны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенковын мэдэгдсэнээр, Сирийн тал химийн зэр зэвсэг ашиглан өдөөн хатгаагүй цагт АНУ, Их Британи болон Францын тал ямарваа нөхцөлд цэрэг дайны хүчээ ашиглах ёсгүйг хатуухан сануулсан байна. И.Конашенковын мэдэгдэлд АНУ болон түүний холбоотон орнууд Сирийн эсрэг хүчээ нэгтгэж, өдөөн хатгасан, хямралыг дэвэргэсэн үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ. Тэрбээр Женевт болсон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Николай Патрушев болон АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон нарын уулзалтын үеэр Америкийн албаны төлөөлөгчийн хийсэн мэдэгдлийг эргэн сануулсан байна. Жон Болтон Сирийн талыг дахин химийн зэр зэвсэг ашиглавал ямар ч тайлбаргүйгээр цохилт өгөхөө мэдэгдэж байжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Башар Ассадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын тэнгисийн хөлөг онгоцнууд ба нисэх хүчин Франц, Их Британийн хүчний хамт Сирийн нутаг дэвсгэр дэх байнуудад цохилт өгч эхэлсэн билээ. Пентагоны мэдээлснээр, холбоотны тал гурван байд нийт 105 далавчит пуужингаар цохилт өгчээ. Ашиглагдсан цэнэгийн 85 хувь нь АНУ-ынх ба хөлөг онгоц, нисэх онгоцнуудаас пуужин харважээ. Тухайлбал, Улаан тэнгисээс "Monterey” хөлгөөс 30 пуужин, "Laboon” хөлгөөс долоон пуужин, Газар дундын тэнгист байрласан "Жон Варнер” шумбагч онгоцноос зургаан пуужин харвасан байна. Уг довтолгооны үеэр Персийн булангийн хойд хэсгээс "Higgins” 23 пуужин харвасан нь байгаа алдалгүй оножээ. Тиймээс АНУ-ын тал Сирид оновчтой цохилт өгөх зорилгоор Персийн булан дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэж шинжээчид таамаглаж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.