|
Видео

Шинэ мэдээ

Зээлийн мэдээллийн өөрчлөлт буюу зээлийн эрх чөлөө

 

Зээлийн мэдээллийн өөрчлөлт буюу зээлийн эрх чөлөө

Монголд зээлгүй хүн нэг ч байхгүй гэж ярьдаг. Үнэн ч биз. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь цалингаа урьдчилан зээлж, өндөр настай хөгшид тэтгэврээ хэдэн сараар нь барьцаалаад зээл авчихсан байдаг. Сүүлийн үед орон сууц, автомашинаа лизингээр авсан хүний тоо хэд дахин өссөн. Амьдрал баян юм болохоор аливаа баяр ёслол тэмдэглэх, өвчин зовлонгоосоо ангижрах гэж банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах алийг тэр гэх вэ. Гэвч түүнийгээ цаг хугацаанд нь эргүүлж төлөх том асуудалтай хүн болгон тулгардаг.

Нэгэнт авсан бол өгдөг нь хүний жам хойно зээлээ төлөх гэж мэрийвч нэг хоёр өдрөөс эхлээд сар хоногоор хоцроох нь цөөнгүй. Энэ тохиолдолд Зээлийн мэдээллийн сангийн "хар данс”-д бичигдэж, дахин зээл авах, банк санхүүгийн байгууллагатай харьцахад хүндрэлтэй болдог.

Жишээ 1. Иргэн С банкнаас арилжааны зээл авч өөрийн бизнесээ үргэлжлүүлэх явцдаа хэд хэдэн удаа эргэн төлөлтөө хоцроосон боловч эцэст нь төлж барагдуулжээ. Тэрбээр хоёр жилийн дараа дахин зээл авахаар банкинд хандсан ч "Та зээлийн хар түүхтэй юм байна” гэсэн хариу сонсч, аргагүй байдалд орсон байна.

Жишээ 2. Бизнес эрхлэгч Д нэлээд ашиг орлоготой байх үедээ ангийн найз Э-гийн зээлд батлан даагчаар оролцож, гарын үсэг зуржээ. Гэтэл хоёр жилийн дараа өөрийнх нь дансыг хааж, гүйлгээг хязгаарласан байна. Харилцагч банкнаасаа энэ тухай асуутал "Таны батлан даагч Э зээлээ бүрэн төлж дуусгалгүй таван сар алга болсон” гэжээ. Нөгөө найзтайгаа утсаар холбогдож, зээлийн үлдэгдлийг нь төлүүлснээр гүйлгээ хийх эдийн засгийн эрх чөлөөтэй болсон ч найз Э нь зээлийн "хар түүх”-тэй үлдсэн байна. Ийм жишээ амьдралд олон. Тиймээс иргэдийн банк, санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанк өөрийн эрх мэдлийн хүрээнд тодорхой болзол хангасан, хугацаа хэтэрсэн түрээсийн зээлтэй харилцагчдын мэдээллийг хэвийн болгож өөрчлөх ажлыг удаа дараа хийлээ.

Тухайлбал, өнгөрсөн онд 25.6 мянга, энэ оны гуравдугаар сард 44 мянга гаруй иргэний зээлийн мэдээллийг хэвийн болгож байжээ. Саяхан буюу наймдугаар сарын 1-нд 14170 иргэнийг үүнд хамруулж, зээлийн мэдээллийг нь хэвийн болгож өөрчилснөөр санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан байна. Энэ нь нэг талаар иргэдэд олгож буй санхүүгийн том боломж төдийгүй нөгөө талаас цаашид зээлээ цаг хугацаанд нь төлж байхыг анхааруулсан сануулга гэж ойлгож болно. Хатуухан хэлэхэд, зээлийн гэрээгээ зөрчсөн явдлыг нь өршөөж, цагаатгасан хэрэг юм. Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлдүүлэгч байгууллага зээлийн эргэн төлөлтийг хугацаа, чанарын хүчин зүйлээр нь ангилж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд хүргүүлдэг аж. Тухайн журамд зааснаар зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж эргэн төлөлтийг 90-ээс дээш хоногоор хоцроосон тохиолдолд "найдваргүй зээл”-ийн ангилалд багтаадаг байна. Монголбанкны Зээлийн мэдээллийн санг 1996 онд байгуулж, одоогоор банк болон банк бус байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, гар утасны оператор компаниуд зэрэг 300 орчим байгууллага гэрээтэй ажиллаж, мэдээллээ төвлөрүүлдэг. Үндсэндээ 800 мянган харилцагчийн гурван сая гаруй мэдээллийг хадгалж байдаг талаар Төв банкны Хяналт шалгалтын газрын зээлийн мэдээллийн сан хариуцсан хянан шалгагч Д.Төрбат мэдээлж байсан юм.

...Саяхан буюу наймдугаар сарын 1-нд 14170 иргэнийг үүнд хамруулж, зээлийн мэдээллийг нь хэвийн болгож өөрчилснөөр санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан байна. Энэ нь нэг талаар иргэдэд олгож буй том боломж төдийгүй нөгөө талаас цаашид зээлээ цаг хугацаанд нь төлж байхыг анхааруулсан сануулга гэж ойлгож болно. Хатуухан хэлэхэд, зээлийн гэрээгээ зөрчсөн явдлыг нь өршөөж цагаатгасан хэрэг юм...

Тэрбээр, Монголбанкны зүгээс иргэдийн зээлийн мэдээллийн түүхэнд өөрчлөлт оруулах нь цаг үеийн шинж чанартай арга хэмжээ болохыг онцолж байлаа. Энэ нь улс орны макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч, тогтворжих хандлагатай болсон өнөөгийн нөхцөлд дээрх арга хэлбэрээс аль болох зайлсхийнэ гэсэн утгыг агуулж байгаа юм. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хэд хэчнээн сөрөг мэдээлэл байдгийг тооцох аргагүй боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх ухамсар, соёл, санхүүгийн сахилга хариуцлага сайжирч байгааг албаны хүн хэлж байна. Тийм ч учраас зээлийн эргэн төлөлт 92-94 хувьтай байгаа нь сайшаалтай хэрэг. Ер нь эдийн засгийн боломж бололцоо, цаг хугацаанаас хамаарч 1-2 хоногоор хоцроосон зээлийн эргэн төлөлтийг "найдваргүй” гэх ангилалд багтаадаггүй юм байна. Тэгээд ч банк санхүүгийн тухайн байгууллага зээлийг ангилах нь зээлдэгчийн түүхэнд сөрөг мэдээлэл оруулах, "хар толбо” суулгах бус зээлээс үүсч болох эрсдэл, алдагдлаас урьдчилан сэргийлж тухайн зээлд нөөцийн буюу зээлийн эрсдэлийн санг бүрдүүлэх зорилго агуулдаг аж.

Иймээс аливаа зээл болон санхүүгийн бусад үйлчилгээг авахдаа эрсдэлээ сайтар тооцож, тодорхой зорилго төлөвлөгөөтэй байх нь чухал болохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Дашрамд дурдахад, Зээлийн мэдээллийн санд байгаа ямар ч сөрөг мэдээллийг хууль бусаар засч залруулах боломжгүй бөгөөд энэ ажлыг гагцхүү Монголбанк өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Энэ нь жил тутам юмуу тодорхой хугацааны дараа хийхээр төлөвлөөгүй арга хэмжээ байдгийг албаны хүмүүс анхааруулсан байна. Гэхдээ Монголбанкнаас гаргасан мэдээллээс харахад иргэд авсан зээлээ цаг хугацаанд нь эргүүлэн төлөх, зээлийн түүхээ аль болох цэвэр байлгахыг эрмэлздэг болжээ. Мөн энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш 14 мянга гаруй зээлдэгчийн мэдээллийг өөрчилж, "энгийн” ангилалд багтаасан нь зээлийн эргэн төлөлтөө хоцроосон буюу "хар данс”-д бичигдээд байсан иргэдэд сайн мэдээ болон хүрч байна. Харин энэ жагсаалтад багтсан азтай иргэн та өөрийн мэдээллийг харилцагч банк юмуу зээлдүүлэгч байгууллагаасаа асууж лавлах боломжтой юм.

Д.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.