| |
“Grand tour 2017” аялал жуулчлалын улсын олимпиад нээлтээ хийлээ
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, МУБИС, Монголын Залуучуудын Холбоо хамтран 9-р сарын 21-27-ны өдрүүдэд аялал, спорт, танин мэдэхүйн 4 төрлийн тэмцээнтэй аялал жуулчлалын улсын олимпиадыг улсын болон хувийн хэвшлийн нийт 9 их, дээд сургуулийн 200 гаруй оюутнуудын дунд зохион байгуулах гэж байна.
"Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиад нь анх 2003 онд ХААИС дээр зохиогдож эхэлсэн бөгөөд 2007 оноос аялал жуулчлалын улсын хэмжээний олимпиад болон өргөжсөн билээ. Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
"Grand tour 2017”олимпиад нь мэдлэг шалгах асуулт, хариултын "Центавр” тэмцээн, Спорт явган аяллын ур чадвар шалгасан хээрийн аяллын тэмцээн, Эрдэм мэдлэг сорьсон Оюутны Эрдэм Шинжилгээний бага хурал, Мэргэжлээрээ бахархах, танин мэдэх зорилготой аялал жуулчлалыг нийтэд гэсэн 4 төрлөөр явагдана.
Олимпиад жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд уралдаан тэмцээн нь сэдвийнхээ хүрээнд явагддаг. Энэ жил "Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдвээр зохиогдож байгаа нь дотоодын аялал жуулчлал ихээр хөгжиж байгаа өнөө үед цагаа олсон сэдэв юм. Олимпиадын зорилго нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэгээ бататгах, өөрсдийн чадварыг дээшлүүлэх, суралцагчид хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, сурах сонирхлыг нэмэгдүүлэх төдийгүй Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд оновчтой шийдэл гарган хэрэгжүүлэх боломжийг тодорхойлдог ач холбогдолтой уралдаан болжээ.
Уг олимпиадыг "Манжуурын аялал” ХХК, "Аха тур” ХХК, "Пристин Монголиа” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ивээн тэтгэн оролцож байгаа юм байна.