| |
Видео
Шинэ мэдээ
ОХУ-д сөрөг хүчний цуглаанд оролцсон хэдэн зуун хүнийг барьж саатуулжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины засгийн газрыг авилгын хэрэгт буруутган эсэргүүцлийн жагсаал хийсэн сөрөг хүчний удирдагч болон цуглаанд оролцсон хэдэн зуун хүнийг тус улсын цагдаагийн хүчнийхэн барьж саатуулсан байна.
Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный мэдэгдэл хийж уриалсны хариу болгон энэ даваа гарагт Москва, Петербург болон оросын томоохон хотуудын гудамжаар эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Жагсагчид "Путингүй Орос улс” гэсэн лоозон барьж жагссан бөгөөд цагдаагийн байгууллагын мэдээлснээр Москва хотод 4500 гаруй хүмүүс жагсч, тэдгээрийн 150-ыг нь барьж саатуулсан байна. Петербург хотод 3500 орчим Путиныг эсэргүүцэгчид жагссанаас 500 хүнийг баривчилсан байна.
А.Навальный-гийн эхнэр "нөхрийг минь эсэргүүцлийн жагсаалд оролцохоор явах гэж байхад нь Москва дахь гэрийнх нь гаднаас баривчилсан" гэж твиттер хуудсандаа бичжээ. Өнгөрсөн 3 дугаар сард А.Навальный Ерөнхий сайд Дмитрий Медведевийг тансаг харш, дарвуулт завь гэх мэт маш их хөрөнгө мөнгө хуримтлуулсан болохыг нотолсон видео бичлэгийг интернетэд дэлгэсэн юм. Энэхүү бичлэгийг интернетээр 22 сая гаруй хүн үзсэн байна.
2018 оны 3 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс Оросын засгийн газар болгоомжилж байгаа юм.