|
Видео

Шинэ мэдээ

Казино байгуулах дөрөв дэх давалгаа

 

Казиног дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд байгуулахаар төлөвлөсөн
Хүн төрөлхтний зугаа цэнгэлийг дагасан бизнесийн нэг хэлбэр болох казиногийн үйл ажиллагааг манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиараа хориглосон байгаа. Энэ нь "казино бол мөнгө угаах газар” гэсэн бараан ойлголттой холбоотой. Гэтэл дэлхийн бусад оронд казиногийн эдийн засгийн үр өгөөжийг нь магтан дуулж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн хөгжүүлдэг.

 

Тэгвэл Ж.Эрдэнэбатын танхим эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд казино байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед боловсруулсан хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, өргөн мэдүүлэхээр бэлдээд байна.

 

Уг хуулийн хөсөдд казиног дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд байгуулахаар төлөвлөжээ. Тусгай зөвшөөрлийг нь 10 жилээр олгоно. Нэг удаагийн тусгай зөвшөөрлийг 35 тэрбумаар арилжина. Казинод онцгой албан татвар ногдуулах бөгөөд энэ нь үйл ажиллагааны орлогын 15 хувь байх юм. Мөн казиногийн ширээ бүрээс сард 5.5 сая төгрөгийн татвар тогтмол авна. Түүнчлэн казино цогцолборын 85 хувь нь зочид буудал, үйлчилгээнийх, 15 хувь нь казиногийн зориулалттай байна гэж Казиногийн тухай хуулийн төсөлд тусгаад буй юм.

 

Монгол Улс казино байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр хэд хэдэн удаа оролдлого хийсэн юм. Тодруулбал, 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан. Гишүүдийн олонхын саналаар баталсан энэ хуулийг санаачлагч нь тухайн үедээ Д.Энхбаатар гишүүн асан байлаа. Тухайн үед УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ хуулийн төсөл байгаагүй. Гэнэт оруулж ногоон гэрлээр дэмжүүлж, гишүүдийн 85 хувийн дэмжлэгийг авч батлуулсан байж. Гэвч бүх зүйл орвонгоороо эргэж, парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонсож, дээлээ нөмөрсөн юм.

 

Монгол Улсад казино байгуулах гэсэн хоёр дахь давалгаа 2007 онд эхэлсэн гэж үздэг. Учир нь 1998 онд казиног эсэргүүцэж, кноп дарж байсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж гэнэтхэн Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барив. Гэхдээ тэрбээр ганцаар хөдлөөгүй бөгөөд ангийнхаа нэр бүхий гишүүд болох А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нарын хамт санаачилсан. Гэтэл тэднийг "Морин нуур” төслийнхөн лообийдсон гэсэн хардлага дагасан юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг яаралтай хуралдаж, казиногийн асуудалд "хутгалдсан” таван гишүүнээ хуулийн төслөөс нэрээ татахыг үүрэгдэв. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн санаачилсан төлөвлөгөө нурсан юм. Энэхүү хуулийн төсөлд сонин содон заалт олон байсан. Тухайлбал, ганц жишээ дурдахад Казиногийн онцгой бүсээс хааш хаашаа 300 км-ийн зайд 30 жилийн дотор өөр казино байгуулахгүй гэсэн заалт оруулахаар тусгасан байсан.

 

Үүний дараа буюу 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг танхимын нөхөд Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын 10 гишүүний хамт боловсруулсан ч дэмжлэг хүлээж чадаагүй юм.

Гурвантаа сөхөгдөж, гурвантаа бүдэрсэн Казиногийн тухай хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй. 


Б.Даваатогтох /ЗГМ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler