|
Видео

Шинэ мэдээ

Их аварга овог нэрээ Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж болгожээ

Асашёорюү Д.Дагвадоржтой гадаадынхан таарахаараа  "Монголын их аварга явж байна” гэж дуу алддаг. Сүмогоор барилдаж байхдаа тэр мэдээж үсээ боочихоод ихэвчлэн хэлхэгэр кимоно өмсөөд алхдаг байлаа. Хүн бүр л түүнтэй гар барихыг хүсч, хамтдаа патерь татуулбал бараг л насны баяр болох нь энүүхэнд. "Асашёорюүтай би зургаа авахуулаад, тэр ч бүү хэл юм ярьж зогслоо” гээд л өөрөөрөө ч бахархана.

Их аваргын ээж "Миний хүү одоо ч хүүхдээрээ. Багын л наргианч, хүн явуулахдаа сайн, нийтэч хүү байсан” гэж саяханы ярилцлагадаа хэлсэн байсан. Хүн хүнээрээ байна гэдэг сайхан. Тэр чанараа аварга маань алдаагүй нь юутай сайхан бэ. Аварга хүн агуу түүхтэй байдаг шиг ээ аварга ухаантай төрчихсөн байх юм даа.

Тэр өөрийгөө байнга голдог гэж хэлэх дуртай. Тэгэхээр энэ их амжилт нь түүнд багаддаг ч байж мэднэ. Ядаж л түүнийг сүмогийн холбоо барилдах эрхийг нь хүчээр таслаагүй бол өнөөдөр хамгийн дээд рекордыг нь эвдчихсэн байх байсан биз. Үүнд ч тэр маш их харамсдагаа нуудаггүй.  Гэхдээ дэлхий даяар Долгорсүрэнгийн Дагвадорж гэхээсээ илүү Асашёорюү гэдгээр нь мэддэг юм.
Чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг аварга маань өнгөрсөн есдүгээр сарын дундуур болсон Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны чуулганд оролцож, FILA-гийн Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн билээ.

Монголын талаас түүнийг дэвшүүлэхдээ Д.Дагвадорж нэрээр нь бичиж хүргүүлсэн байна. Ингээд сонгууль болоход түүний нэрийг дэмжсэн хүний тоо харьцангуй цөөдөв. Гэвч хурлын дараа аварга өөрийн биеэр хүрэлцэн ирэхэд өнөө дэмжээгүй эрхмүүд бүгд гар хөл бариад л бөөн юм болж. Мөн "Та энэ сонгуульд өрсөлдөхгүй яав аа” гэсэн утгатай юм хэлж. Гэтэл аварга эхэндээ гайхсан ч "Би нэрээ дэвшүүлсэн шүү дээ. Та нар л сонгоогүй байна” гэж. Тэр үгийг сонссон эрхмүүд мэл гайхаж, цэл хөхрөхийн зэрэгцээ "Таныг бид Асашёорюү л гэдэг нэрээр чинь танихаас биш Д.Дагвадорж гэдгээр чинь мэдэхгүй шүү дээ. Та нэрээ Асашёорюү гэж хүргүүлэхгүй дээ” гэж ээ. Нэгт тэд судалгаа муу хийснээс гадна манайхан менежмент буруу хийж гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Энэ бүхнээс үүдэн их аварга маань албан ёсны нэр овгоо Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж болгож байгаа юм байна.  


Н.Нараа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.