| |
Ахуйн хийнд мансуурсан хүүхдүүдийн нэг нь нас баржээ
Ахуйн хий (гааз) үнэрлэн мансуурч байсан хүүхдүүдийн нэг нь нас барсан харамсалтай хэрэг уржигдар Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Ийм хийг худалдахад тавих хяналт суларснаас хүүхдүүд худалдан авч үнэрлэх явдал гарсаар байгаа юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хэсгийн төлөөлөгчийнх нь хүү хий үнэрлэсэн хүүхдүүдийн дунд байж байгаад түлэгдсэн. Түүнээс хойш гааз үнэрлэн мансуурч байгаа тухай мэдээлэл нэг бус удаа цагдаагийн байгууллагад ирж байв.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 19-ний үдэш Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг Гал унтраах 26 дугаар ангийн хажууд хоёр хүүхэд хий үнэрлэж, нэг нь ухаан алдсан тухай дуудлага ЦЕГ-ын Шуурхай удирдлага мэдээллийн төвд ирсэн аж. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд тухайн газарт очиход 16 настай Ц гэх хүү биедээ ил харагдах шархгүй, хийн хордлогонд орж нас барсан байжээ. Тэд БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хий хоёр савыг хэрэглэсэн байсан гэнэ.