| |
Сонгуулийн сонирхолтой тойргууд
Улс төрийн нам, хүчнүүд албан ёсоор СЕХ-ноос өнөөдөр нэрээ баталгаажуулан сонгуульд оролцох эрхээ өвөртөлж байна. Эрхээ авснаар тойргийнхонтойгоо тулж ажиллаж, сонгуулийн ажлаа албан ёсоор зургадугаар сарын 11-нээс эхлэх юм. Харин энэ удаагийн сонгуульд дуучин, бөхчүүдээс гадна ах дүүс болоод базууд нэг тойрогт таарсан нь сонирхолж татаж байна.
Ах нь дүүтэйгээ өрсөлдөж, охиноо улс төрд хөтлөв
Ах нь дүүгээ цаашлаад охин үрээ улс төрд татан оруулсан эрхмээр Ш.Сайхансамбуу тодорч байна. Гэхдээ хамгийн адармаатай нь тэрээр төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа Завханы 18 дугаар тойрогт өөр, өөр намаас халз өрсөлдөхөөр болсон. Төрсөн ах дүүг ч хагаралдуулж мэдэх эл тойрогт тэрээр ТТЭН эвслээс нэр дэвшсэн бол дүү нь МАН-аас илгээлт авсан юм. Харин улс төрд хөл тавихаар зэхэж буй ах, аавынхаа шийрийг хатаахаар Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул нь МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй. Ийнхүү ураг төрлөөрөө улс төрийг сонирхсон тэд ялалт өвөртөлж чадах бол уу.
Аавынхаа шийрийг ах, дүү хоёр хатаана
Аавын шийрийг хатаахаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү, охин хоёр УИХ-д өрсөлдөхөөр зэхэж байна. Д.Бямбасүрэн гуайн том хүү, ИЗНН-ын ЕНБД асан Б.Хүдэр-Ян ТТЭН-аас Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт нэр дэвшихээр болсон. Түүний хүчтэй өрсөлдөгч нь МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, АН-ын Б.Гарамгайбаатар. Харин түүний охин Энхбайгаль нь Төв аймгийн 28 дугаар тойрогт МАН-ын дарга М.Энхболдтой учраа таарсан. Ах дүү хоёр аавын шийрийг хатаавал гарч мэдэх эсвэл унаж ч тойрог. Тиймээс ааваасаа зөвлөгөө авах нь дамжиггүй биз ээ.
Аз таарахад тэд өөр тойрог
Мон-Ураны гэх тодотголтой эгч дүүс Б.Саранчимэг болон Б.Наранхүү нар азтай. Тэд өөр өөр тойрогт өрсөлдөнө. Б.Наранхүү Дундговь аймгийн 16 дугаар тойрогт нэр дэвших бол Б.Саранчимэг нь МАН-аас Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт. Учир нь, тойргууд нь тун аятайхан таарсан гэж улстөрчид ажиглаж байна. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр тэд тойргоо хэр услаж, сонгогчдынхоо итгэлийг хүлээнэ, тэр хэрээр УИХ-ын суудал ойрхон байна гэсэн үг.
Баз хүргэчүүл шударгаар өрсөлдөх биз ээ
Ураг төрлөө байг гэхэд баз хүргэчүүл нэг тойрогт таарсан нь амьдрал баян гэдгийг харуулах шиг. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар нэг айлын хүргэчүүл. Мэндтэй устай найзалж нөхөрлөж явсан тэд сонгуулиар Ховд аймгийн УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт халз өрсөлдөхөөр болж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-аас, Д.Батцогт АН-аас эрхээ өвөртөлсөн. Нэг айлын хүргэчүүл учраас нэгнийхээ муу муухайгаас илүүтэй сайн сайхныг нь хэлж, шударга өрсөлдөнө гэдэгт найдъя.
Нөхөр, эхнэр хоёр өрсөлдөнө
Нэгэн цагт тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож явсан Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав, экс нөхөр Дархан аварга А.Сүхбат нар улс төрд хүч үзэхээр шийдэж. Б.Сүрэнжавын тухайд Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай халз үзэх нь. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Харин түүний экс нөхөр А.Сүхбатын тухайд Төв аймагт 29 дүгээр тойрогт хүч үзнэ. Тэрээр бас л хүчтэй өрсөлдөгчтэй. Түүний хувьд хатуу самар гэгдэх АН-аас нэр дэвшсэн М.Энхсайхантай учраа таарсан. Ясны улстөрчтэй таарсан тэрбээр улс төрийн ямар уран мэх үзүүлж, өрсөлдөхийг харах л үлдлээ.
Харин хамгийн сонирхолтой, шог хуваарилалттай тойргийг Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрог. Учир нь, эл тойрогт урлагийнхан цугларсан гэлтэй. Тухайлбал, хөтлөгч П.Анужин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат дуучин С.Жавхлан. Дээр нь, УИХ-ын гишүүн Д.Арвин, МАХН-наас нэр дэвшигч Б.Чулуунбаатар, ХҮН-ын дарга Б.Боргил. Хэн ч гарч мэдэх эсвэл эсрэгээрээ санал хуваагдах магадлалтай эл тойрог. Энэ мэт, энэ жилийн сонгууль спорт, урлагийнхнаар арвин сонирхолтой басхүү түгшээсэн сонгууль болж мэдэх нь. Юутай ч, ямар ард түмэн байна, тийм л сонголт хийдэг гэдгийг сануулах нь илүүц биз. Гэхдээ ирэх дөрвөн жилд монголчууд ямар амьдрал сонгох нь иргэн бүрийн сонголтоос хамаарах нь.
newscom.mn