|
Видео

Шинэ мэдээ

Цэрэг халагдсан өдөр

Цэрэг халагдсан өдөр

 

"Онжав нь одоо удахгүй халагдлаа. Бидний нөхөрлөлийн дурсамж болгон энэ зургийг авна аа, хө. Инээгээрэй" хэмээх байлдагчийг Г.Түвшинтөгс гэдэг. БХИС-ийг энгийн мэргэжлээр дүүргэж 2015 оны эхний цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хуваарилагдан иржээ. Харин одоо эр цэргийн албаа хугацаандаа нэр төртэй хаачихаад нөхөрлөлөө гэрэл зурагт дурсамж болон үлдээхээр ангийнхаа аппаратыг "ашиглаж" байгаа нь энэ. Түүнтэй мөр зэрэгцэн алба хаасан олон сайхан залуус эх орондоо зориулсан цаг хугацаагаа эргэн дурсаж, хөгтэй хөгжилтэй явдлаа ам уралдан ярин инээцгээж, ангийнхаа захирагч, штабын дарга, ротын дарга, салааны дарга, тогооч, сувилагч эгч нартаа баярласнаа илэрхийлж, эцэст нь жагсаалын дуугаа гунигтайхан дуулцгаалаа. Энэ бол тэдний цэргийн алба хаах нэг жилийнх нь хамгийн сүүлчийн өдрүүдийн нэг. Хуарандаа, нөхөрлөлдөө дэндүү их хоргодон байгаа ч эр цэргийн албанаас бие хүний төлөвшил, бие бялдарын хөгжил, тэсвэр тэвчээр, захирах, захирагдах ёсон, бусдыг хүндлэн дээдлэх зарчим, анд нөхөрлөлийг олж авсандаа талархаж суугаа нь илт байлаа.

95 жилийн үүх түүхтэй Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар ирсэн хугацаат цэргийн алба хаагчдаа үдэн гаргах ёслолыг зохион байгуулсан юм. Ангийн бие бүрэлдэхүүн гадаа талбайдаа бэлэн жагсч, байлдааны тугаа ёслол төгөлдөр залаад халагдаж буй цэргүүддээ мөнгөн аягатай сүү өргөн барин хүндэтгэл үзүүлсэн.

Ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр:  Цэргийн алба сайхан гэдгийг найз нөхөддөө үлгэрлэн яриарай

-Эр цэргийн алба хаана гэдэг өөрөө эх оронч хүний том үзүүлэлт байдаг. Та бүхнээрээ бахархаж байна. Эр цэргийн алба өөрөө ямар сайхан гэдгийг та бүхэн гэр бүл, найз нөхөддөө үлгэрлэн яриарай. Эх орноо батлан хамгаалах үүргээ ухамсарласан та нарыгаа дарга нь үргэлж дурсан санах болно. Ангийнх нь үүд хаалга та бүхэнд нээлттэй байх болно шүү" хэмээн баярын нулимстайгаар талархал дэвшүүлнэ лээ. Үүний дараа хал цэргүүд маань дурсамж болон үлдээхээр рот, салаан дарга нартайгаа, өөр хоорондоо зургаа авахуулах, цэргийн байрныхаа амралтын өрөөнд гитараа тэврээд дуу хуур болцгоож, хөгжилтэй дурсамжуудаа эргэн санацгаан инээлдэн өнжлөө. Тэдний нэг хөгжилтэй дурсамжаас дэлгэхэд "Ангид нь Баян-Өлгий аймгаас татагдаж ирсэн нэг цэрэг байж. Ш үсгийг дандаа Ч үсгээр дууддаг гэнэ. Тэгээд мань эр хуваарийн дагуу гал тогоонд туслах тогоочоор томилогдож. Тэгсэн ангийнхандаа хоол аягалж өгөх үедээ нэгэн найздаа "Чанга аваад ир" гэж хэлснээрээ онигооны эзэн болжээ. Ш үсгийг Ч үсэгтэй андуурч хэлдэг түүний тухай хөгжилтэй дурсамжийг ангийнхан нь ам уралдан ярьж, мань эр "Та нар одоо болилдоо. Дандаа л энийг ярих юм. Өөр онигоо зөндөө байдаг биз дээ" хэмээн инээлдэх ажээ.

Энэ үед халагдаж буй гурван байлдагчийн сэтгэгдлийг сонирхлоо.


Байлдагч Э.Буяннэмэх: Энэ цаг үеэрээ үргэлж бахархана


-Манай гэр бүл цэргийн албыг үе удмаараа хааж ирсэн. Энэ сайхан бахархлыг нь тасалчихгүй гэсэндээ цэргийн албанд өөрөө дурлан байж ирсэн дээ. Миний хувьд үнэхээр бахархмаар сайхан цаг хугацаа болон үлдлээ. Олон сайхан найз нөхөдтэй болж, эх орныхоо үнэ цэнийг дэндүү ихээр мэдэрлээ. Эр хүн болж төрсөн хүн бүрийн заавал гүйцэтгэх ёстой ажил юм байна. Цэргийн албанд ирснээрээ өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурч мэдэх хүсэл эрмэлзлэлтэй болж, бие бялдараа хөгжүүлж өдөр ирэх тусам чийрэгжиж байгааг мэдрэх урамтай байлаа. Хамгийн гол нь өөрийгөө хэзээ ч битгий гол, үргэлж хөдөлмөрлөж бай гэдэг алтан зарчмыг илүү ихээр мэдэрлээ. Халагдсаныхаа дараа автын инженер мэргэжлээр суралцаад эх орондоо хэрэгтэй шилдэг мэргэжилтэн болохыг зорьж байна.

 

Байлдагч О.Баяндалай: Эр хүн болгон л цэргийн алба хаах ёстой


-Миний хувьд Баян-Өлгий аймгаас ирсэн цэрэг. Одоо халагдаж очихоор нутгийнхан маань надаар бахархана гэдэгт итгэлтэй байна. Эр хүн болгон л цэргийн алба хаах ёстой гэж хэлмээр байна. Цэргийн алба шиг сайхан юм хаа ч байхгүй. Цаад үзэл санаа нь хүртэл эх орноо батлан хамгаалж байгаа гэдэг утгаараа бахархах ёстой алба юм байна. Би халагдсаныхаа дараа цэргийн албанд ажилд орохоор шийдсэн байгаа. Ирэх намар БХИС-д элсэж орно. Харин ямар мэргэжлээр суралцах уу гэдгээ аавтайгаа зөвшилцөж байж шийднэ. Эцэг эхээс зургуулаа, айлын том. Энэ дашрамд, ангийнхаа удирдлага, бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлмээр байна. Баярлалаа.

 

Байлдагч Б.Тогоохүү:Хэрвээ би цэрэгт яваагүй байсан бол...


-"Их Засаг" их сургуулийг 2014 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэгээд төрийн албанд орж ажиллая гэхэд цэргийн алба хаахыг шаардсан учраас өөрийн хүсэлтээр цэргийн албанд ирсэн дээ. Цэргийн алба бол эрдмийн алба гэдгийг өөрийн биеэр мэдэрсэндээ баяртай байна. Цэргийн алба хүнийг насан туршийн найз нөхөдтэй болгодог. Цэргийн алба хааснаар эр хүн хатуужилтай, үг даах, хүнээс нэгийг сонсох чадалтай болдог. Хэрвээ би цэрэгт яваагүй байсан бол нэг хүн том дугарахад магадгүй өмнөөс нь сөрөөд босоод ирэх хүлээцгүй зантай нэгэн хэвээр байхыг үгүйсгэхгүй. Нийгэм нь өөрчлөгдөөд хүний эрх, хүүхдийн эрх гэж ярьдаг болчихсон. Энэ нь хүмүүсийг хэтэрхий нялцгар болгоод байх шиг санагддаг шүү. Эргээд нөхөдтэйгээ жагсаалын дуугаа дуулаад алхахгүй гэхээр дэндүү гунигтай санагдаж байна. Гэхдээ нэгэнт хугацаатай алба учраас үүргээ нэр төртэй гүйцэтгээд халагдах гэж байгаадаа баяртай байлгүй яах вэ" гэсэн юм.

Ийнхүү эх орондоо зориулсан нэг жил өөрсдийнх хувьд омогшил, бахархлын цаг хугацаа болон үлдэж байгаа тухай манай хугацаат цэргүүд бахархан ярьсаар үлдлээ. Тэд удахгүй аав ээж, ахан дүүс, анд нөхөддөө очно. Очихдоо аав ээжийн эрх хүү биш эх орны хөвгүүн болсон гэдгээ өөрийн амьдрал, амжилт бүтээлээрээ харуулах нь дамжиггүй биз ээ.


Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler