| |
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр "Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт "Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлсэн тавьсан. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилт нь эрүүл мэндийн салбарыг шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох явдал гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсын Их Хурлын 2011 онд баталсан Эрүүл мэндийн тухай хууль нь эрүүл мэндийн салбарын гол суурь хууль бөгөөд эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг өнөөдрийг хүртэл зохицуулж ирлээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд одоо байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд явж байна. Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэлийг хийж, эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг засаж залруулах чухал хууль болно гэж итгэж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх оновчтой зохион байгуулалтыг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхээс гадна төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлага, санхүүгийн тогтолцоо нь эмнэлгүүдийн бие даасан менежмент хийх боломжийг бүрдүүлэх бөгөөд гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүждэг тогтолцоог бий болгохоор зорьж байгаа нь энэ хуулийн төслийн бас нэг том дэвшил юм гэлээ.
Мөн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа "Эмнэлгийн засаглалын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах тухай” сэдэвт илтгэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн танилцуулгыг Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлэв. Тэрээр Эрүүл мэндийн тухай хууль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихтэй холбоотой эрүүл мэндийн салбарын нийтлэг харилцааг зохицуулах суурь хууль хэвээр байх бөгөөд түүнийг даган гарах эрүүл мэндийн багц хуулиудын нэг нь шинээр боловсруулж буй "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн төсөл юм. Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих юм. Нялх, балчир насны хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Үүнээс гадна Эмнэлгийн мэрэгжилтний хариуцлагын даатгалын тухай, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна гэдгийг танилцуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, С.Одонтуяа, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны төлөөлөгчид оролцож хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан санал солилцлоо.